Цонхыг хэрхэн арчлах вэ?

Вакуум цонх хаалгыг зөв зохистой арчилж хэрэглэсэн тохиолдолд 40-50 жилийн эдэлгээтэй гэж тооцдог. Цонх хаалганы эдэлгээнд түүхий эд материалын, үйлдвэрлэлийн болон суулгалтын чанараас гадна арчилгаа, зүй зохистой хэрэглээ зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг.
Жишээлбэл: өрөө тасалгаандаа байнга тамхи татсанаас вакуум цонх хаалганы өнгө хувирах, угааж цэвэрлэдэггүй цонхны резин хатаж хугарснаас болж цонхны битүүмжлэл алдагдахад хүрдэг.
Цонхны гадаргууг цэвэрлэх:
- Бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар угаах.
- Цонхны гадаргууг чийгтэй цэвэрлэгээ хийсний дараагаар зөөлөн алчуураар дахин гялалзуулан арчина. Ингэснээр улам өнгөлөг болж гадаргуу дээрх хар толбо, зураас алга болно.
- Хуурай цэвэрлэгээнд шүүр, хуурай алчуур хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь вакуум цонх хаалганы гадаргуу нь гөлгөр байдаг тул бага зэргийн цахилгаанжилт үүсэж эргээд тоосжилт хурдан явагддаг байна.
- Бага зэргийн тоосжилтыг тоос сорогчоор соруулж болно.
- Зөөлөн алчуураар арчиж байх.
- Нугас, түгжээтэй бүх хэсгийг оёдлын машины тос болон техникийн тосоор /вазелин/ жилд 1-3 удаа тослох хэрэгтэй. Зориулалтын бус тос хэрэглэх юмуу огт тослохгүй байх нь төмөр эд ангиуд чихтанаж дуу орох, хурдан зэврэх болон элэгдэж эвдэрхэд хүргэнэ.
- Тосолгоо, цэвэрлэгээний үед эрэг боолт гэх мэт жижиг эд ангиудын бэхэлгээг шалгах хэрэгтэй. Шаардлагатай бол чангалж бэхэлнэ.
Цонхны шил цэвэрлэх:
- Бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар тоосжилт, бохирдолтыг цэвэрлэнэ.
- Гүн бохирдолтой, элдэв бодис наалдан хатсан тохиолдолд үзүүртэй, ширүүн зүйлээр цэвэрлэж болохгүй. Иймд үед зориулалтын татуургаар цэвэрлэнэ /сахлын татуурга байж болно/.
- Угаасан шилийг элгэн алчуураар зүлгэж гялалзуулна.
Цэвэрлэгээний үед хориглох зүйл:
- Зэвний болон бусад толбыг арилгахын тулд хумсны лак арилгагч, хүчтэй цэвэрлэгээний уусгагч бодис, бензин болон өнгөлөгч бодис хэрэглэхгүй байх.
- Чигжээс резин рүү үзүүртэй зүйлээр хатгаж болохгүй. Резин зүсэгдэж гэмтвээс цонхны битүүмжлэл буюу вакуум чанар алдагдана. Зөвхөн хурууны үзүүрээр юмуу мохоо зөөлөн эдээр чигжих хэрэгтэй.
- Үзүүртэй зүйлээр цонхны гадаргуун дээрх толбо, наалдсан бусад зүйлсийг хусахгүй байх.
- Хатуу ширүүн зүйлээр чанга дарж арчиж болохгүй.
Ерөнхий анхаарах зүйл:
- Цонхонд нэмэлт жин ачаалуулахыг хориглоно. Жишээлбэл цонхноос хүнд зүйл өлгөх, тавцан дээр гарч зогсох, цонхны бариул, хавтаснаас дүүжигнэх).
- Онгорхой цонхоны завсраар ном, мод гэх мэт зүйл хавчуулж болохгүй. Хавчуулсан тохиолдолд цонхны хавтас гажиж хаагдахгүй болж, түгжээ нугасны тохиргоо алдагдана.
- Хүчтэй салхи шуургатай үед онгорхой орхиж болохгүй. Онгорхой цонх хаалга нь салхинд савагдан өндөр настан болон бага насны хүүхдийг гэмтээх тохиолдол цөөнгүй байдаг.
- Бага насны хүүхдийг онгорхой цонхноос хол байлгах хэрэгтэй.
- Цонхны хавтасыг зөөлөн хааж байх.
- Гүйцэд хаасны дараа бариулыг зөв эргүүлж түгжинэ.
- Цонх хаалганыхаа гадна талыг цэвэр байлгах нь хотын өнгө үзэмжинд оруулах Иргэн Таны хувь нэмэр юмаа.